Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Н.Энхбаяр танаа
Буриад ардын соёл, урлаг, дууны “Алтаргана” наадам анх 1990-ээд оны эхээр үүссэнээс хойш Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт сум, Дорнод аймгийн Дашбалбар сум, ОХУ-ын Агын Үндэсний тойрог, Чойбалсан, Улаан-Үүд, Эрхүү хотуудад зохион байгуулагдсан.
Хоёр жилд нэг удаа зохиогддог энэхүү наадам нь өргөжин тэлж эдүгээ урлаг, спорт, гар урлал, ардын ёс заншил, хэвлэл, дизайн г.м. 30 гаруй номинацаар өрсөлддөг том наадам болон өргөжлөө.
2008 оны 07-р сарын 02-ноос 05-ны хооронд ОХУ-ын Эрхүү мужид зохиогдсон “Алтаргана-2008” наадамд Оросын талаас 2 сая ам.долларын хөрөнгө гаргасан бөгөөд зөвхөн төрөөс өгөх шагналын фонд нь 200 000 ам.доллар байсан нь энэхүү наадамд өгч буй ач холбогдлыг илэрхийлнэ. Мөн наадам эхлэхийн өмнө 7-р сарын 02-нд дэлхийн буриадууд Ольхон арал дээр Чингис хааны угийг тахисан юм.
Буриад Улсын Улаан-Үүд хотод зохион байгуулагдсан “Алтаргана-2006” наадмын үеэр монголын буриад 2 хүн Буриад Улсын ардын жүжигчин, 37 хүн Буриад Улсын төрөл бүрийн гавъяат цолыг Буриадын Ерөнхийлөгчөөс гардан авсан бол 2008 онд Усть-Ордын буриадын гавъяатаар 30-аад хүн, Агын буриадын үндэсний тойргийн гавъяатаар 20-оод хүн шагнуулсан нь энэхүү наадам зөвхөн буриад түмний биш Монгол, Орос, Хятад гүрний жирийн ард түмний найрамдал, найрсаг харьцаа, нөхөрлөлийг бэхжүүлсэн сайхан үйлс гэдгийг харуулж байна.
“Алтаргана” наадмыг манай Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан санаачлан, анхнаас нь дэмжиж, зохион байгуулж ирсэний үр дүнд Монголын нэгээхэн хэсэг болох буриад түмний соёл, урлаг, ёс заншлыг хөрш орнуудын ард олонд сурталчлан таниулах, Монголын соёлыг бахархан бишрүүлж, Монголд элэгтэй, дэмжиж хүрээлдэг олон хүнийг бий болгосон бахдамаар үйл хэрэг болсон нь ардын дипломатыг хөгжүүлэх, Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд тустай билээ.
“Алтаргана-2010” наадам нь Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд Халимаг, Тува, Европын холбоо, АНУ, ОХУ, БНХАУ г.м. 30 гаруй орноос 15000 хүн оролцох төлөвтэй байна. Нэг хүн 1000 ам.доллар Монголд үлдээгээд явна гэж тооцвол 15 000 000 ам.доллар болох юм.
Эрхэм Ерөнхийлөгч Танд “Алтаргана-2010” наадмын хөтөлбөрийг хүргүүлсэн агаад Таны ивээл дор энэ наадам зохион байгуулагдана гэдэгт манай сан, Олон улсын Алтаргана наадмын зохион байгуулах комисс, Монголын буриадууд итгэж байгаагаа энэ ялдамд илэрхийлэхэд туйлын таатай байна.
Иймд “Алтаргана-2010” наадмыг зохион байгуулах тухай зарлиг гарган бидний ажлыг дэмжихийг Танаас хичээнгүйлэн хүсье.
Таныг хүндэтгэсэн,
БСӨУХСангийн ерөнхийлөгч С.Билэгсайхан