Авьяас онгодын бурхан аав минь

April 10th, 2010  |  Published in Соёл урлаг, Фото Блог

Ааваас минь ирсэн захиа “Аавын алтан шар охин сайн байна уу? гээд л эхэлдэг байсан. Одоо бодоход би ааваасаа байнга л хол байдаг, аавыгаа их санадаг байж дээ. Манай гэрт монголын радио байнга нээлттэй, аавыгаа дуулахад  амьсгаа даран чагнаж аавыгаа радио дотор яаж ордог байнаа хэмээн бяцхан ухаандаа гайхдагсан.

Аав маань ховорхон авъяастай дуучин, хөгжмийн зохиолч байснаас гадна түшиг тулгууртай, ухаалаг, халамжтай хүн байлаа. Би багаасаа өвөө эмээгийнхээ гар дээр өссөн болохоор цэцэрлэгт орой тарахад өгдөг байсан баавгайтай чихрээ идэлгүй аавыгаа ирэхэд нь өгнө гэж тэвчээртэйгээр цуглуулан уут дүүргэж байсан “ёстой л аавын охин доо” гэж эмээ өвөө маань дурсдаг байсансан. Хөгжмийн дээд сургууль  төгсөөд ирэхэд минь “аавынхаа сураагүй юмыг сураад ирлээ” гэж хязгааргүй их баярлаж байх тэрхэн мөчид “аав шигээ их авьяастай байсансан бол”… хэмээн  би дотроо өөрийгөө голж байж билээ.

Миний аав Дарьжавын Дашням 1945 оны 6 сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн Сулинхээрт Уушгийн  уул  гэдэг газар мэндэлсэн юм.  1953 онд Дорнод аймгийн Баян-Дун сумын бага сургууль, 1957 онд Баян-Уул сумын дунд сургууль, 1960 оноос Улаанбаатар хотын ХБДС-д сургуульд суралцаж төгссөн. Аав хөгжмийн ноот заалгаж эхлээд л ердөө сарын дараагаар аялгуу тэрлэж, хөгжимд найруулан бичиж түүнээс хойш ноотны цаас, харандаа хоёроос салаагүй гэдэг. 1963 онд Дорнод аймгийн ХДТ-т жүжигчнээр орж ажиллах ахархан богино хугацаанд дуучныхаа хувьд алдаршин олны танил болж эхэлжээ. 1968 онд Ардын цэргийн албанд татагдан 1969 оноос “Жаран хар” эрэгтэй найрал дуу байгуулагдахад дуучнаар ажиллах болсон энэ үеэс цэргийн чуулгатай амьдрал, уран бүтээлээрээ холбогдож зохиол бүтээлээ туурвиж ирсэн билээ. Ийнхүү “Нисэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай” , “Дайчин нөхрийн дуу”, “Дайчдын аяны дуу”, “Нас тогтох сайхан”, “Тамсагийн цэнхэр хязгаар”, “Бөмбөг дэлбэрвэл аюултай” зэрэг олон сайхан дуугаараа ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин болсонд бид бахархаж явдаг. Ийнхүү 1969-1984 он хүртэл ЦДБЭЧ -д гоцлол дуучин, найрал дууны удирдаач,  1984-1989 онд УДБАТеатрт дуучин, 1989-1991 онд  ЦДБЭЧ -д эргэн орж ажиллаж байгаад 1991 оноос бие даан уран бүтээлээ туурвих болж 1997 оноос насан эцэс хүртлээ Хүүхэлдэйн театрт хөгжмийн зохиолчоор ажиллаж байлаа.

Миний аав дуунаас дуурь хүртэл хөгжмийн урлагийн олон төрлөөр 400 гаруй бүтээл туурвисан хөгжмийн зохиолч гэж хэлүүлэх бүрэн бүтээлтэй хүн гэж би боддог. Хөгжмийн зохиолоос гадна жүжгийн зохиолууд, шүлгүүд, зурсан зургууд, хөгжмийн онолын сурах бичиг, сэтгүүл сонинд бичиж хэвлүүлж байсан хөгжмийн шүүмж өгүүллүүд гээд  аав маань бидэнд ямар их бүтээл туурвилаа үлдээгээ вэ? хэмээн хайр хүндэтгэл  өөрийн эрхгүй төрдөг юм.
Аав минь 1972 онд  МИАТ-ын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын ойн медалууд, “Алтан гадас” одонгоор шагнуулж, 1982 онд Монгол Улсын Гавъяат Жүжигчин цол хүртсэн.
Хамгийн сүүлд аавтайгаа 2000 оны шинэ жилээр МИАТ-ын ёолконд уригдан очиход аав “Нисэгчийн дуу”-гаа  хөгжимгүй дуулахад танхим дүүрэн нисэгчид түрэн дуулж байсан нь санаанаас гардаггүй юм. Тэгэхэд аав минь: “Би “Нисэгчийн дуу”-ндаа хамгийн их хайртай. Гавьяат авахын урьдал Соёлын тэргүүний ажилтан байдаг бол миний хувьд МИАТ-ийн тэргүүний ажилтан болж байлаа. “Нисэгчийн дуу”-гаа би 30 жил дуулж байна…” гэж хэлж байсансан. Би аавдаа фонограмм хийлгүүлж өгөх хэрэгтэй юм байна даа гэж бодож байсан ч амжаагүй сар гаруйхны дараа л аав маань бурхан болсон доо.
Миний аав хүний хувьд их зөөлхөн бөгөөд шулуун шудрага зантай, үг дуу цөөтэй, зөрүүд, санасандаа зүтгэдэг, явган аялах дуртай, үргэлж бодож бясалгаж явдаг хүн байсан юм. Худалч, бялдууч, хуурамч байдлыг үзэн яддаг, хөдөлмөрч, хүнд хал балгүй, эгэл жирийн нэгэн байв. Оюутан байхад минь ихийг сурч ирэхийг л захидаг байсан. Наймаа хийчих санаатай зарах юм хум захихад минь хичээлээ л хий, юун наймаа гээд халгаадаггүй. Би кресло авмаар байна гэхэд минь “юу, тэрэн дээр чинь суугаад, нааш цааш ганхаад хөрөнгөтөн шиг,  хаан шиг тухалж суух хэрэг үү гэхэд  нь би яахаараа ийм байдаг байнаа гэж ихэд гайхаж байж билээ. Аав минь ид хийж бүтээх оргилуун насандаа хорвоогоос халин одсон.
Өдгөө ч дуулсан дууг нь сонсоход аавтайгаа уулзсан мэт санагддаг юм. Авьяас онгодын бурхан аав минь миний зүрхэнд үргэлж оршиж, итгэл сэтгэлийн галыг бадрааж явдаг аа…

МУГЖ дуучин, хөгжмийн зохиолч Д.Дашнямын охин СУИС-ийн багш Д.Ариунаа

Leave a Response