Буриад ардын “Хууяа шил” дууны судалгааны зарим асуудалд

September 10th, 2008  |  Published in Категори байхгүй  |  8 Comments

М.Одмандах – МУБИС-ийн МоСС-ийн Сэтгүүлзүйн тэнхмийн багш, доктор /Ph.D/,

Буриад Судлалын Академийн Ерөнхийлөгч

Хураангуй / Абстракт

Хори, агын буриадуудын дунд өргөн тархсан “Хууяа шил” хэмээх дуунд ах дүү хоёр анчны эмгэнэлт хувь заяаны тухай өгүүлэх ба монгол ардын харилцаа дуу “Шалзат баахан шарга”-ын нэгэн хувилбар мөн бөгөөд буриад ястны амьдралын хэв маяг, зан заншил, сэтгэлгээний онцлог, өөрчлөлтийг тусгасан байгаагаараа өвөрмөц, өөрийн гэсэн онцлогтой байна.

Энэ өгүүлэлдээ уг хоёр дууг судалсан судалгааны тоймыг гаргаж, мөн халх, буриад хувилбаруудыг харьцуулан, ижил болон ялгаатай талыг тодруулахыг хичээсэн болно.

Түлхүүр үг

Монгол ардын уртын дуу, харилцаа дуу, “Шалзат баахан шарга”, “Хууяа шил”, “Хааяа шил”, “Хуйяа шил”, хоричууд, халхчууд, шинэхээн буриад, дууны хувилбар, “Шар цоохор буга”, “Шар шилийн Гүнзэд”.

Судлагдсан байдал

Монгол ардын харилцаа дуу “Шалзат баахан шарга”, Буриад ардын гуниг, харууслын сэдэвт бэсрэг уртын дуу “Хууяа шил”-ийн гарал үүсэл, онцлог талаас нь эрдэмтэн судлаачид судалсан байдаг боловч харин харьцуулан судалсан нь нэн ховор байна. Дээрх хоёр дуу нь ардын харилцаа дуу бөгөөд халхад эхний хоёр бадгийг нь уртын дуу хэмээн дуулсаар өдгөөг хүрчээ.

Урлаг судлаач, эрдэмтэн Э.Оюун гуай харилцаа дуу талаас нь судлан тодорхойлох анхны оролдлогыг “Монгол ардын харилцаа дууны зүйлээс” /Уб., 1960/ бүтээлдээ хийсэн бөгөөд ах дүү хоёрын дүрийн талаар ажиглалт хийж, “Энэ хоёр зээр, аргалын арьсан дээлтэй юмсанж. Энэ нь ноёдын дарлалаас зугтаж хүнгүй говьд суурьшаад хувцас хийж өмсөхөөс өөр аргагүй болсон мэт” гэсэн дүгнэлтийг хийж байжээ.

Харин академич П.Хорлоо “Монгол ардын дууны яруу найраг” (Төрөл зүйлийн бүрэлдэхүүний асуудлаар) /1981/ бүтээлдээ аж байдлын эмгэнэлт харилцаа дуу болох талаас нь хөндөн гаргаж, гарал үүслийн талаар саналаа дэвшүүлжээ.

Мөн 1956 онд аман зохиол судлаач Бавуудорж “Монгол ардын түүхэн дуу” гэдэг өгүүлэлдээ “Шалзат баахан шарга” дууг түүхэн дуу гэсэн санааг анх дэвшүүлсэн бол тэрхүү дүгнэлт нь магадлал муутайг академич П.Хорлоо[1] дурдсан байна.

Аман зохиол судлаач Х.Сампилдэндэв, К.Н.Яцковская нар “Монгол ардын уртын дуу”[2] /Уб., 1984/ бүтээлдээ “Шалзат баахан шарга” дууны тухай дурдаж, хувилбаруудыг харьцуулан, шинээр нэгэн эх гаргаж хэвлүүлсэн байна.

Дээр дурдсан бүтээлүүдээс гадна дээрх дууг нарийвчлан авч үзсэн нэгэн судалгаа бол Унгар /Мажар/ улсын Монголч эрдэмтэн Г.Кара “Шалзат баахан шарга” дууны хэдэн хувилбарыг харьцуулан судлаад “Дүүгээ намнасан гөрөөчийг өгүүлсэн монгол дуулийн тухай шинэ тайлбар” гэсэн өгүүлэл францаар бичиж “Акта Ориеталиа” сэтгүүлийн 1960 оны XI ботийн 1-3-р дэвтэрт нийтлүүлсэн[3] байдаг ажээ.

Буриад ардын “Хууяа шил” дууг судалсан тухай мэдээ нэн бүдэг байна. Буриадын ардын дууг судалсан эрдэмтэд уг дууны зарим хувилбарыг хэвлүүлснээс өөр төдийлөн нарийвчилсан судалгаа хийгээгүй бололтой байна.

Харин урлаг судлаач, доктор /Ph.D/ Г.Батцэрэн судалгааны бүтээлдээ тодорхой ажиглалт хийж, энэ дууны тухай харьцуулсан судалгаа хийх оролдлого хийжээ. Тэгэхдээ дээрх хоёр дууг утгын талаас нь болон аялгуу, aйзам хэмнэлийн талаас нь голлон харьцуулан судалсан байна. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэхээн буриад нарын дунд дэлгэрсэн “Хууяа шил” дууны хувилбарыг монголд байгаа хувилбартай харьцуулан ажиглаж, дүгнэлт хийжээ.

Монголын буриадад, тухайлбал Дорнодын буриадад “Хууяа шил” дууг ихэвчлэн хурим найр хавтгайрч, халамцсан үедээ гунигийн сэдэвт дуу дуулж эхлэх тэр үед л “Шилдэй занги”, “Хууяа шил” зэрэг гунигийн сэдэвт дуу, их хэлмэгдүүлтийн үед гарсан гуниг гансралын дууг дуулдаг байжээ. Түүнээс биш хаа хамаагүй, нөхцөл нь бүрдээгүй үед уг дууг дуулах нь утга санаа, илэрхийллийн хувьд зохисгүй байдаг байна. Тийм учраас найр тарах үед ихэвчлэн настангууд уг дууг дуулдаг байсан тухай хүмүүс хуучилдаг. Одоо уг дууг дуулдаг, мэддэг хүн бараг байхгүй болжээ.

Судлаачид уг хоёр дууны талаар нарийвчилсан судалгааг бүрэн хийгээгүй зөвхөн судалгааныхаа нэгэн бүрэлдэхүүн хэсэг болгон авч үзсэн байдал ажиглагдаж байна. Тиймээс бид халх, буриад дууны хувилбарыг харьцуулан судлаж, санал дүгнэлт гаргахыг хичээлээ.

Дууны хувилбар, хэвлэгдсэн байдал

“Шалзат баахан шарга” гэсэн монгол ардын харилцаа дуу нь нутаг нутагт өөрийн гэсэн онцлог бүхий хувилбарууд болон тархсан нь судлаачдын бүтээлээс тодорхой харагдаж байна. Уг дууны хувилбар нь халх нутагт өргөн дэлгэрснээс гадна цахар, халимаг, буриад зэрэг ястны дунд нутагшин дэлгэрч шинэ хувилбар үүсгэсэн байна.

Х.Сампилдэндэв, К.Н.Якцовская нар “Монгол ардын уртын дуу” бүтээлдээ уг дууны халх хувилбаруудыг харьцуулан үзээд нөхөн сэргээж “Шалзат баахан шарга” дууны 19 бадгийг гарган авч хэвлүүлсэн байдаг. Тухайлбал, 1, 2, 4, 7, 9, 11, 14-16, 18-р бадгийг МААЗДБ-ийн 69-р талаас, 3, 5, 10, 12, 13, 19-р бадгийг С.Батмагнайн эмхэтгэсэн “Алтайчуудын найраг” /Алтай хот. 1970/ номын 1-3-р талаас, 6-р бадгийг “Ардын аман зохиолын эмхэтгэл” /УБ., 1956/ номын 78-р тал, “Монгол морины магтуу” /УБ., 1967/ номын 22-р талаас, 17-р бадгийн эхний хоёр мөрийг МААЗДБ-ээс, сүүлийн хоёрыг Мажар улсын монголч эрдэмтэн Г.Карагийн АКТА ОРИЕНТАЛИА сэтгүүлийн 1960 оны XI ботийн 1-3-р дэвтэрт нийтлүүлсэн өгүүллээс тус тус аван[4] сэлбэж босгосон тухай тайлбарлажээ.

Мөн монгол нутагт тархсан халх хувилбарууд нь “Уртын дуу” /УБ., 1970 он/ номын 56-р талд, “Ардын уртын дуу” /УБ., 1959 он/ номын 13-р талд, С.Батмагнайн эмхэтгэсэн “Алтайчуудын найраг” /Алтай хот. 1970/ номын 1-3-р талд, “Ардын аман зохиолын эмхэтгэл” /УБ., 1956/ номын 78-р талд, “Монгол морины магтуу” /УБ., 1967/ номын 22-р талд, “Монгол ардын аман зохиолын дээж бичиг” /УБ., 1987 он/ номын 69-р талд тус тус хэвлэгдсэн байдаг байна. Х.Сампилдэндэв, К.Н.Якцовская нарын “Монгол ардын уртын дуу” /УБ., 1984 он/ номын 230-231-р талд байгаа 19 бадаг дуу нь одоогоор олдоод байгаа хувилбаруудаас сэргээн авсан харьцангуй бүрэн эх гэж үзэх үндэстэй “Шалзат баахан шарга” дууны нэгэн хувилбар юм.

Мөн бусад ястнуудын дунд өргөн тархаж, олон хувилбартай болсон бөгөөд Хори, агын буриад нарын дунд “Хууяа шил”, “Хааяа шил”, цахарт “Шар цоохор буга”, Халимагт “Шар шилийн Гүнзэд”, ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэхээн нутгийн буриадын дунд “Хуйяа шили” нэрээр тархан дэлгэрсэн байна.

Халимагийн судлаач Джимбин Бямба “Дуулич, теегм, дуул” /Э, 1958/ номондоо “Шар шилийн Гүнзэд” дууг хэвлэж, тайлбар өгүүлэл хэвлүүлсэн байдаг ажээ.

“Хууяа шил” дуу нь монголд хэвлэгдэн түгсэн нь ховор, харин хори, агын буриадын дунд амаар түгэн дэлгэрсэн нь их байна.

1988 оны намар УБДС-ийн Монгол хэлний тэнхмээс явсан нутгийн аялгууны шинжилгээний ангийнхны тайланд хавсаргасан, багш Ж.Санжаагийн Дорнод аймгийн Баяндун сумын өндөр настан Содномоос бичиж авсан “Хууяа шилэ” нэртэй дууны гар бичмэл эх, мөн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3-р багийн иргэн, өндөр настан А.Сэржиймээс миний бие бичиж авсан “Хууяа шил” дууны 9 бадаг гар бичмэл зэрэг байгаагаас гадна урлаг судлаач, доктор /Ph.D/ Г.Батцэрэн багшийн олж цуглуулсан уг дууны хэд хэдэн хувилбар, Шинэхээн буриад нарын дунд дэлгэрсэн “Хууяа шил” дууны монгол бичгээр бичсэн гар бичмэл байгаа болно. Өөр олон хувилбар тархсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд миний олж үзсэн нь эдгээр болно.

“Монгол ардын уртын дуу” бүтээлд судлаач Х.Сампилдэндэв, К.Н.Яцковская нар “Шалзат баахан шарга” дууны буриад хувилбар гэдгээр 8 бадаг дууг халх аялгуунд хөрвүүлэн хэвлүүлж, зарим тайлбар хийсэн байна.

Ахмад дайчин, ардын армийн хурандаа Б.Цэрэн гуайн эмхэтгэсэн “Буриад дуунай түүбэри” /УБ., 2004 он/ номонд хэвлэгдсэн “Хууяа шилэ” дууны 10 бадаг, судлаач Г.Батцэрэн багшийн “Хавтгай цагаан Улз” /УБ., 2000/ дууны түүвэрт орсон 11 бадаг эх нь бүрэн эх гэж хэлж болно.

Бусад буриад дууны түүврийг үзэж байхад уг дуу хэвлэгдсэнтэй би таараагүй. Магадгүй миний бие үзээгүй үлдээсэн байх магадлалтайг энэ дашрамд тэмдэглэх нь зүйтэй болов уу.

Монгол ардын харилцаа дуу болох “Шалзат баахан шарга” дууны халх хувилбарууд нь нэлээд хэвлэгдэж олонд түгсэн бол буриадын “Хууяа шил” дуу нь ард олны дунд амнаас ам дамжин дуулагдаж, нутаг нутагт олон хувилбар болон тархсан онцлогтой. Саяхнаас эхлэн хэвлэгдэж олны хүртээл болжээ.

Дуу зохиогдсон тухай домог яриа

Монголчуудын ан агнах амьдралын хэв маягаас сэдэвлэн гарсан “Шалзат баахан шарга” гэдэг дууны домог, гарал үүслийн талаар академич П.Хорлоо[5] нэгэн сэдэвт бүтээлдээ дурдсан нь нэлээд үнэний магадлалтай байна.

“Манай говь нутагт “Анчин ах дүү хоёр” гэж шөнөжин дуулдаг харилцаа дуу байсан гэж нутгийн настнууд ярьдаг. Түүнийг манай нутгийн хуурч Базар шөнө дүлэн аялж байсан” гэж Дундговь аймгийн малчин ард наян настай өвгөн Соном хэлсэн байна.

Мөн өөр нэгэн домгийг судлаач иш татан дурджээ. “…Урьд галба шандын говьд нэг анчин хүн байжээ. Тэднийд нэг удаа олон эрэлчин ирж хоноход нь хонин толгой, зээрэн толгой чанаж өгчээ. Тэдгээд тэднийг хоолоо идэж дууссаны дараа:

- Хонин толгой идсэн нь хомсхон бага цадав уу?

- Зээрэн толгой идсэн нь зэхий сайхан цадав уу? гэж гэрийн эзэн анчин асуухад:

- Тэглээ гэж тэд хариулжээ.

- За тэгвэл хоёр хүү минь зээр гөрөөс агнахаар явсан. Удахгүй ирнэ. Хонин толгой идэж, хомсхон бага цадсан хүмүүст зээрэн толгой чанаж өг! гэж өвгөн эмгэндээ хэлжээ. Үүнийг хонож байсан хүмүүс сонсоод ах дүү хоёр анчинд тохиолдсон явдлыг харилцан дуулахад эцэг эх нь мэдэж их уй гашуу болсон юм гэнэ билээ. Үүнээс хойш “Зээрэн дээлт” гэдэг дуу гарсан юм гэдэг гэж хуучин Сайн ноён хан аймгийн Сайн ноён ханы хошууны хамжлага ард (Одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сум) хавчиг Ринчен гэдэг өвгөн хуучлан ярьж өөрөө энэ дууг дуулж байж билээ…” гэж академич П.Хорлоо дурдсан байна.

Энэ домгоос үндэслэн үзэхэд “Шалзат баахан шарга” гэдэг дуу монголын говь нутагт жирийн анчин ардын дундаас тэдний уянгын сэтгэлгээг аман зохиолын дүрээр илэрхийлэн гарсан нь гарцаагүй байна гэж судлаач[6] дүгнэсэн байна.

Буриадын “Хууяа шил” дууны тухай тодорхой домог яриа бараг байхгүй бөгөөд дээрх домгийн хувилбар маягтай домог яриа төдий зүйл л байдаг.

Ах дүү хоёр анчин анд явж байгаад нэгийгээ андуу хараад намнасан юм гэнэлээ гэсэн хууч ярианаас илүү дэлгэрэнгүй домог алга байгаагаас харахад уг дуу нь хувилбараар тархахдаа домог нь ч гэсэн хамт түгэн дэлгэрсэн. Ийм болохоор “Шалзат баахан шарга” гэдэг дуу нь халх монголчуудын говь тал нутагт гарч улмаар бусад монгол ястны дунд түгэн дэлгэрсэн ардын харилцаа дуу болох нь тодорхой байна. Тиймээс бусад хувилбаруудад тусгайлан өөр домог яриа байхгүй байгаагаас үзвэл “Шалзат баахан шарга”, “Хууяа шил” дуу нь нэг эх үндэстэй болохыг харуулж байна.

Дуу зохиогдсон он цагийн тухайд

Уг хоёр дууны зохиогдсон он цагийг яг таг тогтоон тодорхойлох боломжгүй юм. Гэхдээ багцаагаар хэдий үед зохиогдсон болохыг “Шалзат баахан шарга” дуутай холбоотой домог яриа, дууны дотор байгаа зарим онцлог үг хэллэг зэргээс шүүн үзэж тодорхойлох боломжтой юм.

Судлаачдын хувьд энэ тухайд санал зөрөөтэй явсаар иржээ. Аман зохиол судлаач Бавуудорж 1956 онд бичсэн “Монгол ардын түүхэн дуу” өгүүлэлдээ “Шалзат баахан шарга” хэмээх дууг “түүхэн дуу” гэж үзээд уул дуу Ховд хотын орчим XVII зууны эцэс XVIII зууны эхээр хуучин Өргөө хотыг үүсч байх үед зохиогдсон байх гэсэн саналыг[7] дэвшүүлсэн байна. Гэвч энэ нь сонирхолтой санаа мөн боловч нэлээд эргэлзээ төрүүлж байна. Судлаач тэмдэглэж авсан уг дууны нэг хувилбартаа

“Хүрэн дэлтэй цавдрыг,

Хүрээний хамбад өгөөрэй” гэсэн мөрөнд байгаа “хүрээ” гэсэн үгэнд түшиглэж дээрх саналыг тавьсан нь нотолгоо муутай бөгөөд “…Ер нь монголчууд “хүрээ” гэж ганц “Да хүрээ”-г хэлж байгаагүй. “Сайн Ноёны хүрээ”, “Бэйлийн хүрээ” гэх мэтээр олон тооны сүм дугантай шашны төв газрыг нэрлэж болохоор ганц энэ үгээр уг дууны гаралыг батлахад мөчдөх нь магад…”[8] гэж П.Хорлоо тэмдэглэсэн байна.

ХХ зууны эхэн гэхэд монголд нийтдээ 700 гаруй сүм хийд байсан тухай түүхэнд тэмдэглэгдсэн байдгаас үзвэл уг дуу Ховд орчимд буюу Өргөө баригдаж байх үед зохиогдсон гэдэг нь магадлал муутай юм.

Академич П.Хорлоо гарал, зохиогдсон цаг хугацааны тухай нэлээд эрт зохиогдсон эртний дуу гэснээс тодорхой он цагийн гаргалгаа хийгээгүй байна.

Тэгвэл миний санахад уг дуу нь XVI-XVII зууны орчим зохиогдсон байх магадлалтай. “Шалзат баахан шарга” дууны 10-р бадагт “Шагайж харвасан нүдийг минь, Шаазгай тонших нь ч яав даа”, 11-р бадагт “Зөрүү хараатай бууг минь, Зэв идэх нь яав даа” гэсэн нь нум сум харвасан эсвэл цахиур буугаар буудсан хоёрын аль нь үнэн байж болох вэ? гэсэн асуултыг гаргаж байна.

Монголчууд XVIII зууны II хагаст, бүр тодруулбал 1760-аад оны үед л анх Оросоос галт зэвсэг авч хэрэглэсэн байдаг тухай түүхэнд тэмдэглэгдсэн байдаг ажээ. Тэгэхээр жирийн нэгэн анчин ах дүү хоёр ан хийхдээ буу хэрэглэж байсан гэдэг нь надад эргэлзээ төрүүлж байна. Ядуу ард буу зэвсэг агсан ан хийх боломж тухайн үед түгээмэл байж чадсан уу гэдэгт хүртэл хариулт олоход бэрх. Ингэж бодохоор тухайн үеийн анчид нум сумаар ан хийж явсан болох нь тодорхой. Тиймээс 10-р бадагт байгаа “шагайж харвасан” гэдэгт гол анхаарлаа хандуулж, нум сум агсаж асан XVI-XVII зууны үед зохиогдсон гэсэн дүгнэлт хийж байна.

Харин

“Зөрүү хараатай бууг минь,

Зэв идэх нь яав даа” гэдгээс үзэхэд ах дүү хоёр анчин буу хэрэглэж байсан мэт харагдаж байгаа боловч энэ нь нэлээд хожуу нэмэгдсэн бадаг байна. Уг дуу нь газар газар олон хувилбараар тархсан учраас уг бадаг сүүлд буу зэвсэг агсан ан хийх болсон цаг үеийг тусгасан шинэ бадаг нэмэгдсэн байх магадлал өндөр юм.

“Шалзат баахан шарга” дууны буриад хувилбар болох “Хууяа шил” дууны зохиогдсон он цагийн хувьд мөн л XVI-XVII зуунд хамаарах юм гэж уг дууг мэдэх олонхи судлаачид үздэг. Тийм ч үндэстэй юм. Учир нь “Хууяа шил” дуу нь “Шалзат баахан шарга” дууны хувилбар учраас зохиогдсон он цагийн хувьд ойролцоо боловч уг дуунаас хожуу зохиогдсон гэдэг нь тодорхой.

Тэгэхээр ямар замаар уг дуу буриадад дэлгэрсэн байж болох вэ? гэдэгт хариулт хайгаад үзье. Халхчууд хори буриадуудтай ойр нутаглаж, нааш, цааш бэлчээр даган нүүдэллэж байсан тул угсаатан зүйн талаасаа ойртон нягтрах, харилцан нөлөөлөл ихтэй байсан ажээ. Ийм байдал XVI-XVII зууныг хүртэл чөлөөтэй байсан хэдий ч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан төдий л удаан үргэлжлээгүй юм. Учир нь 1600 оноос хүчирхэгжсэн Манж нар монголын олон овог аймгийг нэгтгэн захирах, эзэнт гүрэн байгуулахаар улайран тэмцэж байснаас шалтгаалан монголчууд хоорондоо хүртэл хуваагдан тэмцэлдэх болжээ. Энэ байдлаас үүдэн монголын олон аймаг хүч буурай болж эзэрхэг орнуудад эзлэгдэх аюул бодитой тулгарах болов. Энэ байдлаас болж 1689 онд Манж-Оросын хооронд байгуулсан Нерчугийн гэрээ, 1727 онд Буур голын хилийн хэлэлцээрээр монголыг хувааж авах тохиролцоонд хүрч, Оросууд улс орныхоо аюулгүй байдлыг хангах хил тогтоох тухай Манж нартай тохиролцсон явдал нь халх, хоричуудын амьдралд томоохон нөлөө үзүүлсэн юм.

Хил тогтоох хэлэлцээрийг халх, оросын хил орчмын Буур голын хөндийд 1727 оны 6-р сараас 8 сар хүртэл хэлэлцэн байгуулжээ. Гэрээгээр Хиагт, Сэлэнгийн хавьд хилийг тодруулах зорилгоор 59 харуулын овоо босгосон байна. Уг хилийн дээс босгоход халх монголчуудын нэлээд айл, бүр тодруулбал эрдэмтэн В.С.Ханхараевын үзсэнээр 50 мянга орчим хүн байсан бололтой гэж доктор А.Оюунтунгалаг[9] өөрийн номондоо дурдсан байна. Эндээс үзвэл халх болон өөр олон овог аймгийн хүмүүс хоричуудтай хамтаар хилийн цаана үлдэж цагийн эрхэнд “Буриад” гэсэн овгийн хүмүүс болон шинэ угсаатан бүрэлдэн төлөвшиж эхэлжээ. Тийм учраас Байгал нуурын хавьд нутаглах монгол хэлтэн нүүдэлчин аймгууд нь “Буриад” хэмээх нэрийн дор нэгдэн угсаа соёлын болон эд өлгийн талаар ижилсэн нэгдэх том үйл явц өрнөсөн нь гарцаагүй. Эндээс ургуулан бодоход “Шалзат баахан шарга” дуу нь хоричуудтай нэгдэн ууссан халх монголчуудын дунд дуулагдаж байсан учраас Хори буриадын дунд түгэн дэлгэрч буриад хувилбар болон тархжээ гэж дүгнэж байна.

Хэрэв ингэж үзэх аваас “Хууяа шил” дуу нь XVII-XVIII зууны үед зохиогдсон байх тун магадлалтай байна. Тэгэхээр монгол ардын харилцаа дуу болох “Шалзат баахан шарга” нь XVI-XVII зууны үед зохиогдож харин буриад ардын гуниг хагацлын сэдэвт “Хууяа шил” дуу нь хожуу буюу XVII-XVIII зууны орчимд зохиогдсон гэсэн дүгнэлт хийж байна.

Дууны хувилбаруудад хийсэн шинжилгээ

“Шалзат баахан шарга”, “Хууяа шил” хоёр дуу нь утга санааны хувьд нэг үйл явдал, учрал тохиолдлыг өгүүлсэн байдаг. “Шалзат баахан шарга” нь ах дүү хоёр анчны эмгэнэлт хувь заяаг өгүүлсэн аав, ээж, ах, дүү дөрвийн харилцан дуулсан, тэдний хагацаж салсан сэтгэлийн гуниг хагацлыг илэрхийлсэн эмгэнэлт дуу юм. Нэлээд урт, олон бадагтай байсан бололтой. Академич П.Хорлоо судалгааны бүтээлдээ “Шалзат баахан шарга” гэдэг дуу бол анхандаа олон зуун бадаг шүлгээс бүрдсэн өргөн дэлгэр үйл явдалтай туульс дуун байжээ”[10] гэж дүгнэсэн байдаг. Тэгэхээр анх зохиогдох үедээ олон арван мөр шүлэг бүхий шастир дуу байснаа цагийн уртад ам дамжин уламжлагдан өнөөг хүрэхдээ замдаа гээгдэн цөөн бадаг дуу болон хувирсан байх магадгүй.

Академич П.Хорлоо судалгааны бүтээлдээ 72 мөр шүлэг бүхий 18 бадаг дууг тэмдэглэсэн бол Х.Сампилдэндэв, К.Н.Яцковская нар “Монгол ардын уртын дуу” бүтээлдээ уг дууны халх хувилбаруудыг харьцуулан судалж үзээд бие биенээс нь нөхөн сэлбэж бүрэн гэж хэлж болохуйц нэгэн хувилбарыг хэвлүүлсэн байгаа нь 84 мөр бүхий 19 бадаг дуу юм. Энэ нь харьцангуй бүрэн болсон эх хувилбар. Уг дуунд эцэг, эхийн захиас 2 бадаг, ах нь дүүгээ намнасаныхаа дараа харамсан дуулж байгаа 7 бадаг, дүү нь харамссан сэтгэлээ илэрхийлж буй 2 бадаг, хувь заяатайгаа эвлэрч, үлдсэн хүмүүстээ захиас өгч буй найман бадгаас бүрдэнэ.

Тэгвэл буриадын “Хууяа шил” дуу нь бидэнд байгаагаар дээд тал нь 11 бадаг, тэгээд 8, 9 бадгаар дуулагдах нь түгээмэл. Магадгүй уг дуу анх буриадад мөн л халхад байгаа шигээ өргөн дэлгэр үйл явдалтай, олон бадагтай байсан байж болох ч ихэвчлэн амнаас ам дамжин дуулагдаж ирэх явцдаа шинэчлэгдэн хувирч, өөрчлөгдөн, нэлээд бадаг нь гээгдсэн байж болох бодит шалтгаан байна. “Хууяа шил” дууны монголын хори, агын буриад нарын дунд дуулагдаж байгаа хувилбар нь арваннэгэн бадаг бөгөөд эхний хоёр бадагт дүү нь ахыгаа андуу хараад намнасандаа харамссан утгатай бол сүүлийн есөн бадаг нь ах нь дүүдээ захиасаа захиж, үлдсэн хүмүүсээ хэрхэх тухай сургамжийн үгээ хэлж байгаа утга санааг илэрхийлснээрээ “Шалзат баахан шарга” дуунаас ялгаатай боловч цаад утга санаа, үйл явдал нь зөрөөгүй тохирдог.

“Хууяа шил” дууны хувилбаруудад ах нь дүүгээ, дүү нь ахыгаа, дүү нь хуриахайгаа намнасан тухай гурван өөр хүн мэт боловч үйл явдал нь нэг учраас уг дуу хувилбараар тархахдаа зам зуур өөрчлөгджээ.

Уг дууны гол үйл явдал нь эмгэн, өвгөн хоёр хүүгээ анд үдэхдээ “амьтныг шархдуулалгүй намнах” тухай сургаал, захиагаа хэлж явуулж байгаа нь монголчуудын ан агнахдаа зугаа цэнгэл болголгүй, хэрэгцээгээ хангах л ангаа шархдуулж зовоолгүй намнаж ирсэн уламжлалт сэтгэлгээ, заншлыг илтгэнэ. Угаас монголчуудын зарим хэсэг нь ан гөрөө хийж амьдарч, ахуй амьдралаа тэтгэж ирсэн учраас энэ үйл явдлыг тусгасан уг дуу зохиогдох нэг үндэс болжээ.

Эрт дээр үеэс анчид элдэв ангийн арьсаар малгай, дээл хувцас хийж өмсөх, эсвэл цагаан өнгийн даавуугаар малгай, цамц хийж өмсөн ангийн олзоо үргээхгүй агнадаг арга байсан юм. Одоо ч зарим нутагт, ялангуяа манай буриадуудад тарвага агнахдаа цагаан өнгийн өмсгөл өмсөж ан хийх явдал түгээмэл.

Уг дуунд гарч байгаа явдалтай төстөй үйл явдал манай нутагт 1990-ээд оны дунд үеэр болсон бөгөөд аав нь хүүгээ тарвага гэж андууран намнасан тохиолдол гарсан нь ангийн арьсаар хувцас хийх нь андуурагдах маш өндөр эрсдэлтэй байгааг илтгэх ойрын жишээ юм. Бүр миний таних, манай сумын дөрөвдүгээр багийн иргэн хүүгээ санамсаргүйгээр намнасан харамсалтай үйл явдал болж байлаа. Мөн марал, зээрэн арьсаар хийсэн дээл хувцас өмсөж амьтан, ангаа үргээхгүй намнадаг үйл явдлын талаар Зөвлөлтийн эрдэмтэн /Одоо ОХУ. М.О./ К.В.Вяткина “Монголд тарвага агнахад цагаан өнгийн өмсгөл, урт босоо чих бүхий малгай өмсөн, сарлагийн саваг даллуур хэрэглэн тарваганы анхаарлыг төөрүүлдэг тухай дурьдаад, урд цагт нэг хүн чоно буюу маралын арьсаар хийсэн ийм малгай хувцастай тарвагачилж явахад өөр анчин андууран алснаас хойш ийм баг өмсгөл хэрэглэхээ больсон домогтой” гэж бичсэн байдаг тухай урлаг судлаач, доктор Г.Батцэрэн дурджээ.

Тийм учраас уг дуунд гарч буй үйл явдал хүний амьдралд тохиолдож болох тийм л үйл явдлын нэг мөн. Уг дуунд “зээрэн дээлтэй, аргалан дээлтэй, тарваган дээлтэй, марлан арьсан малгай” зэрэг дан ангийн арьсаар хийсэн хувцас байгаа нь эртний монгол анчдын хэрэглэдэг түгээмэл хэрэглээ нь ангийн арьсан хувцас хэрэглэл байсныг харуулж байна. Эрт үеийн анчдын амьдралын хэв маягийг тусгасан уг дуу нь ямар нэгэн болсон үйл явдлаас сэдэвлэсэн болох нь ямар ч эргэлзээгүй бөгөөд домог мэт ам дамжин яригдаж, хүмүүсийн сэтгэлд хүчтэй нөлөө үзүүлсний улмаас газар газар хувилбарт дуу болон тархсан байна.

“Шалзат баахан шарга” дуунд халх түмний нэгэн жирийн анчин айлын амьдрал ахуйг дүрслэн гаргаж, аав, ээжийн сургаал юуг дагах нь амьдралын чухал сургамж байдгийг илэрхийлжээ. Энэ захиас нь ан агнах тухай монголчуудын сэтгэлгээний илрэл бөгөөд ан амьтанг энэрэх энэрэнгүй сэтгэлгээний илрэл болжээ. Тэгвэл буриадын “Хууяа шил” дуунд аав, ээжийн захиас үг алга байгаа нь цаг үеийн уртад гээгдсэн бололтой. Тэгээд ч эхний энэ хоёр бадгийг монголчууд маань өдгөө ч уртын дуу гэж дуулсаар байгаа нь уг хоёр бадагт монгол хүний гүн ухаан буюу амьдралд хандах сэтгэлгээ гүн нарийн шингэсэн болохыг харуулна.

“Шалзат баахан шарга” дуунд ах дүү хоёрт тохиолдсон эмгэнэлт явдал, түүнээс ургасан сэтгэлийн шаналан, амьдралд хандах сэтгэлийн хатыг илэрхийлсэн тал нь голлож байгаа бол буриадын “Хууяа шил” дуунд ах, дүү хоёрын сэтгэлийн шаналанг илэрхийлсэн боловч амьдралд хандах хандлагын хувьд түлхүү харуулсан утга санааг илэрхийлжээ. Тухайлбал, “Шалзат баахан шарга” дуунд ах нь,

Зэрэглээ ихтэй газраар

Зээр гөрөөсийг намнаж явлаа

Зээрэн дээлтэй дүүгээ би чинь

Зэрвэс хараад намчихлаа

Зэрэгцүүлж өсгөсөн аав ээж хоёртоо

Ах чинь юугаа хэлдэг билээ гэсэн бадагт болон түүний дараагийн хоёрт бадагт ч гэсэн анд хамт явчихаад дүүгээ санамсаргүй байдлаар эндүү харан намнасандаа шаналсан сэтгэлийг илэрхийлжээ. Ах нь дүүгээ асран хамгаалж явах ёстой атал андуу явдал гарсан нь уг дууны эмгэнэлт шинжийг тодотгож байна. Мөн дүү нь

Хад нь үгүй газар

Хайлаас яагаад ургав

Хань үгүй газар

Хоёулхнаа яах гэж явав даа

Марлан арьсан малгай минь

Магад аминд хүрэв үү гэж хувь заяандаа харамссан сэтгэлийг илэрхийлж, нэгэнт ирсэн хувь заяатайгаа эвлэрэхээс өөр ямарч боломжгүй болсоныг ухаарч буйг тод харуулсан мөрүүд байна. Мөн ах нь ч гэсэн ийм байдалд орсон хувь заяандаа харамссан

Шагайж харвасан нүдийг минь

Шаазгай тонших нь яав даа

Хэтрүү харсан нүдийг минь

Хэрээ тонших нь яав даа хэмээн халаглан дуулж буй нь анчин ах дүү хоёрын ядуу тарчиг амьдрал, гэр орноо тэжээхийн тулд ан хийхээс өөр гарцгүй байсан хувь заяандаа ч гэсэн гомдсон гомдлын өнгө аяс уг дуунд нэвт шингэжээ.

Тэгвэл “Хууяа шил” дуунд

Хууяа шэлын араханда

Хулаhан хаанаhаа ургаа юмэ

Хулангай арhа нэмэржэ

Ахайм хаанаhаа hуугаа юмэ гэж хувь заяаны их харамслыг төдий л ил утгаар бус цаад далд утгаар нь илэрхийлсэн гаргасан болов уу гэж бодогдохоор байна. Учир нь дээрх бадагт “хулангай арhа нэмэржэ, ахайм хаанаhаа hуугаа юмэ” гэдэг хоёр мөрөөр ах нь хэрвээ хулангийн арьс нөмөрч суугаагүй бол дээрх байдалд хүрэхгүй байсан даа гэсэн харамсал нуугдаж байгааг харж болно. Тэгэхээр “Шалзат баахан шарга” дуунд харамсал, гунигийг 9 бадагт илэрхийлсэн санааг буриадын уг дуунд хувь заяандаа харамссан харамслыг битүү далд утгаар, хоёр бадагт багтаан дуулсан нь харагдана. Дүүгийнх нь харамссан сэтгэлийг илэрхийлсэн хоёр бадаг, андуурч намнуулсан ахынх нь харамссан сэтгэлийг илэрхийлсэн захиас, сургамжийн хамт 2 бадаг байгаа нь амьдралд хатуужилтай хандаж, үлдэж хоцорсон дүү нар, ар гэр, аав ээж, хань ижилдээ хандсан захиас үгээ хэлж буй нь уг дууны эмгэнэлт шинжийг далд хэлбэрээр гаргажээ. Андуурч намнуулсан ах нь:

Ардаг ардаг шаргыем

Адуундань табьяарай

Абамни hурааhаань

Андуу болоо гээрэй гэх зэргээр илэрхийлсэн нь хувь заяатайгаа эвлэрсэн, нэгэнт тохиолдсон явдлыг ухаалгаар хүлээн авч буйг харуулж байна.

“Шалзат баахан шарга” дуунд эмгэнэлт үйл явдлыг харуулсан мөр бадаг түлхүү байгаа бол харин “Хууяа шил” дуунд ахуй амьдралын онцлогийг харуулсан мөр бадгууд голлоно. Эндээс үзвэл уг дуу нь буриад хувилбартаа эмгэнэлт шинжээ бага зэрэг гээж, ахуй амьдралын мөн чанар, жам ёсны тухай дуулал болсон мэт өнгө аяс мэдрэгдэнэ. Тухайлбал, “Шалзат баахан шарга” дууны сүүлийн 7 бадагт дээрх үйл явдлын эмгэнэлт шинжийг улам тодруулж, хавийн хүн амьтанд хамаагүй дуулгаж боломгүй харамсалтай үйл явдал гэсэн санааг илэрхийлж байгаа нь уг дууны нэгэн онцлог. Анчдын дотно нөхөр нь сайн морь, сайн ган хэт байсныг уг дуунаас харж болно. Анчин ардын хувьд өмч хөрөнгийн гол нь унах унаа, цахих хэт байсан гэдгийг ч эндээс харж болно. “Алаг жороо, ганган шарга, цусан зээрд” зэрэг морь бол дүүгийнх нь гол хөрөнгө юм. Дээрх эмгэнэлт шинжийг илэрхийлсэн сүүлийн 5 бадаг нь уг дууны мөн чанарыг бүрэн гаргажээ. Аав, ээж, эхнэр, хүүхэддээ урьтаж дуулгахгүй байхыг захиж байгаа нь сэтгэл шимшрүүлсэн үйл явдал, харамслын өнгө аяс, сэтгэлийн гуниг, хагацлыг илтгэж байна.

Буриадын “Хууяа шил” дуунд энэ мэт эмгэнэлт өнгө аяс төдий л ил харагдахгүй, харин цаад утгаараа харамсал, амьдралд хандах хандлагын мөн чанар нь илэрч байгаагаараа уг дуу нь “Шалзат баахан шарга” дуунаас ялгарах онцлог болж байна. Яагаад гэвэл уг дуу буриадуудын дунд өргөн дэлгэр тархахдаа он цагийн уртад аажимдаа эмгэнэлт үндсэн шинжээ гээж, ахуй амьдралд хандах тухайн ястны сэтгэлгээг илүүтэй тусгах болсон ч байж магадгүй юм. Ийм байдал ч буриадын “Хууяа шил” дуунд илүүтэй ажиглагдана.

Халх, буриадуудын амьдралын хэвшил, аж ахуйн байдлын болон зан заншлын ялгааг ч дээрх хоёр дуунаас харж болно. “Шалзат баахан шарга” дуунд “хонины хүн, саахалтын хүн, аргалын хүн” зэргээр халхчуудын ахуй амьдралын байдлыг илтгэсэн үг хэллэг цөөнгүй байна. Энэ нь монголчууд өнө эртнээс нааш хонио хариулан, аргал түлш түүж, айл хөрш, саахалт амьдарсаар ирснийг гэрчилнэ. Харин “Хууяа шил” дуунд

Хүнэй үрые зобоон үгүй

Хүргэжэл түрхөмдөнь үгөөрэй

Хүбүүн үрыем үншөрөөн үгы

Хүнэй зэргэдэ хүргөөрэй

Энжэ зөөрыень дутаан үгы

Эрюүлэжэ бэргэндээ үгөөрэй

Эрмэг шаргагша гүүнэй

Унагыень дахуулажэ табьяарай гэж буриадын заншил ёсоор эр нөхөр нь таалал төгсвөл гэргийг нь төрхөмд нь буюу төрсөн гэрт нь анх ирэхдээ авчирсан инж, эд хөрөнгийн хамт буцаадаг ёсыг өгүүлсэн байна. Үр хүүхдийг ээж нь эсвэл ах дүү нь авч эрийн цээнд хүргэдэг заншилтай юм. Энэ мэтээр ястан бүрийн амьдрал, ёс заншлын байдлыг дээрх хоёр дуунаас харах бүрэн боломжтой.

Аж амьдралдаа өдөр бүр хэрэглэдэг болон үр хүүхэддээ хэрхэн ямар өв хөрөнгө үлдээж ирсэн нь “Хууяа шил” дуунаас харагдана. “Хутга, хэт, утсан бүс, халиу булган малгай, дэнхэн цагаан дэнз”, Шинэхээн Буриадын “Хуйяа шили” дуунд “дэмбэ лэ цагаан дээл, дун цагаан дээл, долоон шүрэтэй санжуурга” зэрэг нь буриадуудын эд өлгийн соёл, ахуйн хэрэглээг илтгэхээс гадна үр хүүхэддээ эцэг хүн ямар өв хөрөнгө үлдээж байсныг ч илэрхийлэх баримт. Буриадууд “утсан бүс” гэж өөрийн өвөрмөц бүс бүсэлдэг байсан бөгөөд одоо ч ийм бүсийг түгээмэл хэрэглэдэг. Буриадууд эр хүний “эрхэм шүтээн” гэж малгай, бүсийг хүндлэн дээдэлдэг. “Бүсэнд хүний сүнс оршдог хэмээх бөгөөд бүсээ сул орхих хийгээд хөвүүлж тавихыг цээрлэж, бүсээ тайлахдаа аман хүзүү, туулайчлах мэт зангиагаар зангидаж, дэрний дээд талд тавьдаг заншилтай”[11]. “Дэнз” гэж буриад тооробшо малгайн тэвэг дээр “…элдэв хээ угалз сийлсэн шүрэв мүнгэн дэнзтэй, дэнзний шүрэвт нь улаан шүр суулгаж бэхэлсэн…”[12] байдаг. “Долоон шүрэтэй санжуурга” нь буриад эмэгтэйн тооробшо малгайн гол гоёл, зүүсгэл. Буриад монголчууд эртнээс нааш шүрэн гоёлыг эдэлж, хэрэглэж иржээ. Энэ мэтээр уг дуунд буриадын амьдрал ахуйд хэрэглэж ирсэн эд өлгийн олон зүйлийг мэдэж авахаас гадна амьдралд илүү бодитой хандсан гүн нарийн сэтгэлийг илэрхийлэн гаргахад анхаарчээ.

Буриад дуу нь газар газар амнаас ам дамжин түгэн дэлгэрч, нутаг нутагт зарим дууг өөр өөр аяаар дуулдаг онцлогтой учраас уг дуу нь олон цөөн бадагтай болсоноос гадна өгүүлж буй зарим зүйл нь шинэчлэгдэн хувьссан байна. Монголын буриадууд “Хутга, хэт, утсан бүс, халиу булган малгай, дэнхэн цагаан дэнз”-ний тухай өгүүлж байхад Шинэхээний буриадын хувилбарт “дэмбэ лэ цагаан дээл, дун цагаан дээл, долоон шүрэтэй санжуурга”-ны тухай дуулж байгаа нь хоёр гүрэнд амьдарч буй буриад хүмүүсийн аж амьдралын ялгаа, сэтгэлгээний өөрчлөлт зэргийг харуулж буй хэрэг юм. Мөн Х.Сампилдэндэвийн олж хэвлүүлсэн уг дууны нэгэн хувилбарын 5-р бадагт

Дээд л талын авдарт

Жинхэнэ цагаан архи бий

Жинхэнэ цагаан архийг минь

Ээжид минь бариарай гэж байхад өндөр настан А.Сэржиймээс тэмдэглэж авсан хувилбарын 5-р бадагт

Дээдэл талай абдар соо

Дун сагаан эрхи бий

Дун сагаан эрхийем

Ижийхэндэм бариарай гэж байна. Тэгэхээр архийг ээждээ бус аавдаан барьдаг заншилтай тул Х.Сампилдэндэв академичийн хэвлүүлсэн хувилбарт байгаа “жинхэнэ цагаан архи” гэдэг нь буруу бөгөөд харин нөгөө “дун цагаан эрхи” гэсэн нь зөв хувилбар байх. Энэ нь манайд ихэвчлэн хөгшид, эмгэд эрхи эргүүлэн маань уншиж байдагтай холбогдоно. Тиймээс “архи”, “эрхи” хоёрыг андуурсан бололтой. Энэ мэтээр газар газар тархсан буриад хувилбарт зөрөөтэй мөр бадгууд байгаа нь он цагийн уртад өөрчлөгдөн шинэчлэгдсээр өдгөө цагийг үзсэнийг илтгэнэ. Хэрвээ дээрх зөрөөт хувилбарыг нэгтгэн бүхэл бүтэн дуу бүтээвэл ойролцоогоор 12-15 бадаг орчим болох юм.

Энэ бүхнээс үзвэл монгол ардын харилцаа дууны нэг болох “Шалзат баахан шарга”, буриадын харилцаа, бэсрэг уртын дууны нэг болох “Хууяа шил” дуу нь хэдийгээр нэгэн гаралтай боловч хоёр ястаны сэтгэлгээний онцлог, ахуйн соёлыг илтгэсэн өвөрмөц байдалтай, тус тусдаа бие даасан, дахин давтагдашгүй ардын дуу болон хөгжсөн байна гэсэн дүгнэлтийг хийж байна.

Ийнхүү “Шалзат баахан шарга”, “Хууяа шил” дуунд халх, буриад ястны сэтгэлгээний онцлог, ахуй амьдрал, аж байдлын мөн чанарыг тусгасан өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх бүхий нэгэн дуу болон хөгжсөн нь ардын дууны ширгэшгүй далайд нийлсэн нэгэн цутгалан болжээ.

Дүгнэлт

Монгол ардын харилцаа дуу “Шалзат баахан шарга”, буриад ардын харилцаа дуу “Хууяа шил” дууг харилцуулан шинжилж үзээд дараах хэдэн дүгнэлтийг хийж байна.

1. Монгол ардын харилцаа “Шалзат баахан шарга” дуу нь халхын говь тал нутагт ах дүү хоёр анчинд тохиолдсон нэгэн үйл явдлаас сэдэвлэн зохиогдож, монголчуудын олон ястан, овогт хувилбарт дуу болон түгжээ. Түүний нэгэн хувилбар нь монголын буриад болон ӨМӨЗО-ны буриадуудын дунд “Хууяа шил” нэрээр тархаж, зөвхөн хори, ага буриадын дунд дуулагдаж байгаагаас харахад ах, дүү гөрөөчний тухай “Шалзат баахан шарга” дуу нь олон монголчуудын зүрх сэтгэлийг эзэмдсэн, эмгэнэлт харилцаа дуу байсныг илтгэнэ.

2. “Шалзат баахан шарга” дуу нь туульс, домогт дуун бөгөөд уг домог нь бодит үйл явдлаас сэдэвлэж зохиогдсон ба бусад ястанд дууныхаа хамт түгэн дэлгэрсэн байна. Бусад ястанд дэлгэрсэн хувилбарт дуунууд нь ганцхан дээрх домгийг үндэс болгосон байгаагаас харж болно.

3. Монгол ардын харилцаа дуу “Шалзат баахан шарга” дуу нь XVI-XVII зууны орчим зохиогдож харин буриадад “Хууяа шил” нэрээр XVII-XVIII зууны үед тэр үеийн хоричуудтай хиллэн амьдарч хожим буриадад уусан шингэсэн халх монголчуудаас дамжин дэлгэрсэн байна.

4. “Шалзат баахан шарга” дуу нь буриадад түгэн дэлгэрэхдээ олон мөр бадгаас гээгдэж, эмгэнэлт шинжээ гээж, гуниг харамслын аястай “Хууяа шил” гэсэн өвөрмөц нэгэн бие даасан дуу болон хувирсан байна.

Резюмы

Хори, агын буриадуудын дунд өргөн тархсан “Хууяа шил” хэмээх дуунд ах дүү хоёр анчны эмгэнэлт хувь заяаны тухай өгүүлэх ба монгол ардын харилцаа дуу “Шалзат баахан шарга”-ын нэгэн хувилбар мөн бөгөөд буриад ястны амьдралын хэв маяг, зан заншил, сэтгэлгээний онцлог, өөрчлөлтийг тусгасан байгаагаараа өвөрмөц, өөрийн гэсэн онцлогтой байна.

Энэ өгүүлэлдээ уг хоёр дууг судалсан судалгааны тоймыг гаргаж, мөн халх, буриад хувилбаруудыг харьцуулан, ижил болон ялгаатай талыг тодруулахыг хичээсэн болно.

Монгол ардын харилцаа дуу “Шалзат баахан шарга”, буриад ардын харилцаа дуу “Хууяа шил” дууг харилцуулан шинжилж үзээд дараах хэдэн дүгнэлтийг хийж байна.

1. Монгол ардын харилцаа “Шалзат баахан шарга” дуу нь халхын говь тал нутагт ах дүү хоёр анчинд тохиолдсон нэгэн үйл явдлаас сэдэвлэн зохиогдож, монголчуудын олон ястан, овогт хувилбарт дуу болон түгжээ. Түүний нэгэн хувилбар нь монголын буриад болон ӨМӨЗО-ны буриадуудын дунд “Хууяа шил” нэрээр тархаж, зөвхөн хори, ага буриадын дунд дуулагдаж байгаагаас харахад ах, дүү гөрөөчний тухай “Шалзат баахан шарга” дуу нь олон монголчуудын зүрх сэтгэлийг эзэмдсэн, эмгэнэлт харилцаа дуу байсныг илтгэнэ.

2. “Шалзат баахан шарга” дуу нь туульс, домогт дуун бөгөөд уг домог нь бодит үйл явдлаас сэдэвлэж зохиогдсон ба бусад ястанд дууныхаа хамт түгэн дэлгэрсэн байна. Бусад ястанд дэлгэрсэн хувилбарт дуунууд нь ганцхан дээрх домгийг үндэс болгосон байгаагаас харж болно.

3. Монгол ардын харилцаа дуу “Шалзат баахан шарга” дуу нь XVI-XVII зууны орчим зохиогдож харин буриадад “Хууяа шил” нэрээр XVII-XVIII зууны үед тэр үеийн хоричуудтай хиллэн амьдарч хожим буриадад уусан шингэсэн халх монголчуудаас дамжин дэлгэрсэн байна.

4. “Шалзат баахан шарга” дуу нь буриадад түгэн дэлгэрэхдээ олон мөр бадгаас гээгдэж, эмгэнэлт шинжээ гээж, гуниг харамслын аястай “Хууяа шил” гэсэн өвөрмөц нэгэн бие даасан дуу болон хувирсан байна.

Хавсралт

Шалзат баахан шарга

/Монгол ардын уртын дуу/

1. Аав нь. Шалзат баахан шаргаараа

Шандын говийг туулаарай

Салаа эвэртэй бугыг

Шархдуулалгүй намнаарай

2. Ээж нь. Хөхөл дэлтэй мориороо

Хүйсийн говийг туулаарай

Хөх халзан ооныг

Хөндөлдүүлсхийгээд намнаарай

3. Ах нь. Зэрэглээ ихтэй газраар

Зээр гөрөөсийг намнаж явлаа

Зээрэн дээлтэй дүүгээ би чинь

Зэрвэс хараад намначихлаа

Зэрэгцүүлж өсгөсөн аав ээж хоёртоо

Ах чинь юугаа хэлдэг билээ

4. Талын сайхан зэрэглээнд

Тарвага гөрөөсийг намнаж явлаа

Тарваган дээлтэй дүүгээ би чинь

Ташаа хараад намначихлаа

Тарвалзуулан өсгөсөн аав ээж хоёртоо

Ах чинь юугаа хэлдэг билээ.

5. Арын ууланд явж байхдаа

Аргал гөрөөсийг намнаж явлаа

Аргалан дээлтэй дүүгээ би чинь

Андуу хараад намначихлаа

Адилхан өсгөсөн аав ээж хоёртоо

Ах чинь юугаа хэлдэг билээ.

6. Дүү нь. Ус нь үгүй газар

Улиас яагаад ургав

Улс нь үгүй газар

Хоёулаа юунд ирэв.

7. Хад нь үгүй газар

Хайлаас яагаад ургав

Хань үгүй газар

Хоёулхнаа яах гэж явав даа

Марлан арьсан малгай минь

Магад аминд хүрэв үү

8. Ах нь. Ар нь үгүй газар

Аргал юундаа байдаг вэ

Амьтан үгүй газар

Хоёулаа юунд явлаа даа.

9. Уул нь үгүй газар

Ус нь юундаа байдаг вэ

Улс хүнгүй газар

Хоёулаа юундаа явлаа даа

10. Шагайж харвасан нүдийг минь

Шаазгай тонших нь яав даа

Хэтрүү харсан нүдийг минь

Хэрээ тонших нь яав даа

11. Угзран атгах гар минь

Хатаж унах минь яавдаа

Зөрүү хараатай буугий минь

Зэв идэх нь яав даа.

12. Дүү нь. Алаг жороо морийг минь

Ах минь та аваарай

Аминаас холдоогүй сүнсээ

Аав ээждээ даатгая

13. Ганган шарга морийг минь

Галын хүнд өгөөрэй

Ган төмөр хэтийг минь

Ганц хүүд минь өгөөрэй

14. Цусан зээрд морийг минь

Цулбуурыг нь битгий чиргүүлээрэй

Цустай цагаан цамцыг минь

Ээжид битгий үзүүлээрэй.

15. Айлын хүн ажигч шүү

Аятайхан авч очоорой

Гэрийн хүн гэгэлгэн шүү

Гэнэт битгий дуулгаарай

16. Хонины хүн ховч шүү

Холуур холуур яваарай

Саахалтын хүн сахиул шүү

Санаагаа битгий хэлээрэй

17. Аргалын хүн ажигч шүү

Алсуур алсуур очоорой

Галын хүн гасалган шүү

Ганцаараа битгий дуулгаарай

18. Аавыг минь асуувал

Айсуй гэж хэлээрэй

Ээжий минь асуувал

Ирнэ гэж хэлээрэй

19. Улаан цурман хүүхдүүдэд минь

Увуу цувуу хэлээрэй

Угаас хайртай эхнэрт минь

Урьтаж битгий дуулгаарай

Хууяа шилэ

/Буриад ардын бэсрэг уртын дуу/

1. Дүү нь. Хууяа шэлын араханда

Хулаhан хаанаhаа ургаа юмэ

Хулангай арhа нэмэржэ

Ахайм хаанаhаа hуугаа юмэ

2. Хааяа шэлын арахандаа

Хайлааhан хаанаhаа ургаа юмэ

Хабаргын арhа нэмэржэ
Ахайм хаанаhаа hуугаа юмэ

3. Ах нь. Ардаг ардаг шаргыем

Адуундань табьяарай

Абамни hурааhаань

Андуу болоо гээрэй

4. Эмниг эмниг шаргыем

Эжэлдэнь табьяарай

Ижым hурааhаань

Эндүү болоо гээрэй

5. Хүнэй үрые зобоон үгы

Хүргэжэл түрхөмдөнь үгөөрэй

Хүбүүн үрыем үншөрөөн үгы

Хүнэй зэргэдэ хүргөөрэй

6. Энжэ зөөрыень дутаан үгы

Эрюүлэжэ бэргэндээ үгөөрэй

Эрмэг шаргагша гүүнэй

Унагыень дахуулажэ табьяарай

7. Хойт ханзын оёорто

Хутага хэтэ бэлэн байха

Хоёрхон наhатай хүбүүмни

Хори хүрэхэдэнь үгөөрэй

8. Улаан ханзын оёорто

Утаhан бүhэ малгайм байх

Уйлажа үлэhэн хүбүүмни

Удаан эдлэжэ явуужин

9. Хажуу ханзын оёорто

Халюу булган малгайм байха

Хахасажа үлэhэн хүбүүмни

Хожом эдлэхыень үгөөрэй

10. Бэргэн абгайнгаа хурганда

Бэhэлигыем зүүжэ үгөөрэй

Бэеэ олоходонь хүбүүндэм

Намаяа дурдаад үгүүжин

11. Дээдэ талай ханзада

Дэнхэн сагаан дэнзэ байха

Дэнхэн сагаан дэнзыем

Дээдэ ахайдам үгөөрэй.

Хуйяа шили

/Шинэхээний буриадуудын дуулдагаар/

1. Хуйяа шилийн орой буй

Хулаhан хаанаас ургаа буй

Хуланы арьс нөмөрч

Хуриахай минь хаана суугаа буй

2. Хангай шилийн орой буй

Харгана хаанаас ургаа буй

Хаваргын арьс нөмөрч

Хуриахай минь хаана суугаа буй

3. Ардаг ардаг шаргыг минь

Адуунд нь тавиарай

Аав минь асуувал

Андуу болоо гээрэй

4. Эмниг эмниг шаргыг минь

Ижилд нь тавиарай

Ижии минь асуувал

Эндүү болоо гээрэй

5. Дээд талын авдарт

Дэмбэ л торгон дээл байна

Дэмбэ л торгон дээлийг минь

Дээдэхэн ахайд минь бариарай

6. Дунд талын авдарт

Дун цагаан дээл байна

Дун цагаан дээлийг минь

Дунд ахад минь бариарай

7. Доор талын авдарт

Долоон шүртэй санжуурга байгаа

Долоон шүртэй санжуургыг минь

Доодахь ахад минь бариарай

8. Хүмүүний үрийг зовоонгүйгээр

Хүргэж л гэрт нь өгөөрэй

Амьтаны үрийг зовоонгүйгээр

Аваачиж гэрт нь өгөөрэй

/Уг дууг СУИС-ийн багш, урлаг судлаач, доктор, профессор Г.Батцэрэнгийн монгол бичгээр хуулбарлаж авсан эхээс авсан болно./

Номзүй

1. Батцэрэн Г., “Хавтгай цагаан Улз” УБ., 2000

2. БНМАУ-ын ШУА-ийн ХЗХ, ЗХУ-ын ШУА-ийн Дорнодахины хүрээлэн “Монгол ардын уртын дуу”, Эмх. Х.Сампилдэндэв, К.Н.Яцковская, Ред. Д.Цэрэнсодном, УХГ, УБ., 1984. 10, 230-233-р талд

3. Гантогтох Г. Дашбалбар Дашибалбарайхан. /Нутгийн тайлбар толь/ Ред. Ч.Гончигбат, Б.Борхондой. УБ., 2005. 43-р талд.

4. Оюунтунгалаг .А, Монгол улсын буриадууд. Эрх А.Очир. УБ., 2004. 22-р талд.

5. Хорлоо П, “Монгол ардын дууны яруу найраг” (Төрөл зүйлийн бүрэлдэхүүний асуудлаар) Эрх. Д.Цэдэв. ШУАХ, УБ., 1981. 140-р талд

6. Цэрэн Б., “Буриад дуунай түүбэри”, Редактор УБ., 2004 он

7. “Хууяа шил”дууны гар бичмэл. 1996 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3-р багийн өндөр настан А.Сэржиймээс судлаач М.Одмандахын тэмдэглэж авсан гар бичмэл дуу.

8. ӨМОЗО-ны Шинэхээн хошууны буриадуудын дунд дуулагддаг “Хуйяа шилэ” дууны монгол бичгээр урлаг судлаач Г.Батцэрэнгийн монгол бичгээр буулгаж авсан гар бичмэл.

9. УБДС-ийн Монгол хэлний тэнхмийн багш Ж.Санжаа, Ц.Төмөрцэрэн нарын 1988 оны 9-р сард Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумаар явсан шинжилгээний ангийн тайланд хавсаргасан “Хууяа шил” дууны гар бичмэл. Тэд Дорнод аймгийн Баяндун сумын өндөр настан Содномоос бичиж авсан бөгөөд хуурцаг нь үрэгдсэн байна.

[1] Хорлоо П, “Монгол ардын дууны яруу найраг” (Төрөл зүйлийн бүрэлдэхүүний асуудлаар) Эрх. Д.Цэдэв. ШУАХ, УБ., 1981. 140-р талд.

[2] БНМАУ-ын ШУА-ийн ХЗХ, ЗХУ-ын ШУА-ийн Дорнодахины хүрээлэн “Монгол ардын уртын дуу”, Эмх. Х.Сампилдэндэв, К.Н.Яцковская, Ред. Д.Цэрэнсодном, УХГ, УБ., 1984.10, 230-233-р талд.

[3] БНМАУ-ын ШУА-ийн ХЗХ, ЗХУ-ын ШУА-ийн Дорнодахины хүрээлэн “Монгол ардын уртын дуу”, эмх Х.Сампилдэндэв, К.Н.Яцковская, Ред. Д.Цэрэнсодном, УХГ, УБ., 1984.232-р талд.

[4] БНМАУ-ын ШУА-ийн ХЗХ, ЗХУ-ын ШУА-ийн Дорнодахины хүрээлэн “Монгол ардын уртын дуу”, эмх Х.Сампилдэндэв, К.Н.Яцковская, Ред. Д.Цэрэнсодном, УХГ, УБ., 1984.232-р талд.

[5] Хорлоо П., “Монгол ардын дууны яруу найраг” (Төрөл зүйлийн бүрэлдэхүүний асуудлаар) Эрх. Д.Цэдэв. ШУАХ, УБ., 1981. 140-р талд

[6] Хорлоо П. “Монгол ардын дууны яруу найраг” (Төрөл зүйлийн бүрэлдэхүүний асуудлаар) Эрх. Д.Цэдэв. ШУАХ, УБ., 1981. 141-р талд.

[7] Хорлоо П. “Монгол ардын дууны яруу найраг” (Төрөл зүйлийн бүрэлдэхүүний асуудлаар) Эрх. Д.Цэдэв. ШУАХ, УБ., 1981. 140-р талд.

[8] Мөн тэнд. 140-р талд.

[9] Оюунтунгалаг А., Монгол улсын буриадууд. Эрх. А.Очир. УБ., 2004. 22-р талд.

[10] Мөн тэнд. 140-р талд.

[11] Гантогтох Г. Дашбалбар Дашибалбарайхан. /Нутгийн тайлбар толь/ Ред. Ч.Гончигбат, Б.Борхондой. УБ., 2005. 43-р талд.

[12] Гантогтох Г. Дашбалбар Дашибалбарайхан. /Нтугийн тайлбар толь/ Ред. Ч.Гончигбат, Б.Борхондой. УБ., 2005. 124-р талд.

Tags: , , , , , , ,

Responses

  1. хулан says:

    March 2nd, 2010 at 1:03 am (#)

    Энэ орос сэтгэгдэлүүд нь баахан spam bot-ууд биччихсэн юм биш үү. Буриад дуу хайж яваад уг блогийг оллоо. Тэмдэглээд авчихлаа :)

  2. HORIDOIMERGEN says:

    March 3rd, 2010 at 12:56 pm (#)

    nyutag geed nertei bolog uu?

  3. admin says:

    July 9th, 2010 at 1:55 pm (#)

    harin tiimee spam ireed bgam
    altargana.org horidoimergen)
    sanal huseltee
    sobo_smile@yahoo.com esvel
    billy_me@chinggis.com ruu yavuulna uu?

  4. admin says:

    July 9th, 2010 at 1:55 pm (#)

    aan tiim bas zui bus ug bichihguy baihiig anhaaruulia?

  5. loan says:

    August 12th, 2010 at 8:25 am (#)

    Some time ago, I needed to buy a good house for my organization but I did not have enough money and could not purchase anything. Thank goodness my dude adviced to try to get the loan from creditors. Hence, I acted so and used to be happy with my commercial loan.

  6. zaya says:

    October 6th, 2010 at 9:33 pm (#)

    adminaa

  7. zaya says:

    October 6th, 2010 at 9:33 pm (#)

    tanai sitend chin undesnii yzguur urlagiin turluudiin tuhai medeelel bnauu

  8. zaya says:

    October 6th, 2010 at 9:35 pm (#)

    adminaa ta bnauu?

Leave a Response