Буриадын соёл, урлаг, спортын олон улсын “Алтаргана-2010” наадмын ерөнхий удирдамж
June 23rd, 2010 | Published in Алтаргана-2010
АТЛАВ. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙД Ё.ОТГОНБАЯР
Буриадын соёл, урлаг, спортын олон улсын “Алтаргана-2010”
наадмын ерөнхий удирдамж
Наадмын зорилго
Буриадын үндэсний өв уламжлал, соёл, урлаг, спортын төрөл, зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх
Наадмын зохион байгуулалт
Наадам 2 үе шаттай. I шатны арга хэмжээг тухайн улсад 2010 оны 6 дугаар сарын 20-ны дотор, II шатны төвлөрсөн арга хэмжээг 2010 оны 7 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулна.
Наадамд оролцох соёл, урлаг, спортын төрөл, зүйл
Нэг. “Буриад хүний нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол
Улс орон, Монгол улсын аймаг, нийслэл тус бүрээс 15-20 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй 1 хамтлаг 20-30 минутын хөтөлбөртэй оролцоно.
Хамтлагууд буриад ардын язгуур, ахуй соёлын уламжлалыг харуулсан дараах хөтөлбөрийг бэлтгэж оролцоно. Үүнд:
1. Буриад үндэсний ардын уламжлалт язгуур урлаг, зан үйл
2. Дуу, хөгжим, бүжиг, тоглоом наадгай, харилцаа дуу
3. Гэр бүлийн болон улирлын зан үйл
4. Тоонот тайх
5. Хурим, бөгж нуух наадам гэх мэт.
Хоёр. Үлгэр туульчдын тэмцээн /улигершин/
Улс, орон, Монгол Улсын аймаг, нийслэл тус бүрээс 18-аас дээш насны 1-2 хүн оролцоно.
Уралдаан нэг үе шаттай. Оролцогч бүр үлгэр, туулийн хэсгээс /5-10 минут/ магтаал, ерөөл /5-10 минут/-ийг нутгийн уламжлалт арга хэлбэрээр аялгуулан хэлж, хайлж, магтаж ерөөнө. Ардын хөгжмийн зэмсэгтэй хамтарч болно. Понограмм ашиглахыг хориглоно.
Гурав. Буриад ардын дууны уралдаан
Улс орон, Монгол Улсын аймаг, нийслэл тус бүрээс насны ангилал тус бүр /10-14 нас, 15-18 нас, 19-35 нас, 36-аас дээш нас/-т 2 хүн оролцоно. Уралдаан хоёр үе шаттай явагдана.
1. Бүх оролцогчид өөрийн төрөлх нутгийн дуулах уламжлалаар дуулна.
2. Эхний шатанд оролцогч нь ардын уламжлалт 1 дууг дан хоолойгоор, 1 дууг үндэсний хөгжимтэй дуулна.
3. 2 дугаар шатанд шалгарсан дуучид нь буриад ардын уламжлалт, язгуур урт, богинын аль нэг дууг дуулна.
4. Уралдаанд дуулаачийн мэргэжлийн сургууль төгссөн уран бүтээлчид оролцохгүй.
5. Понограмм ашиглаж болохгүй.
Дөрөв.Буриадын орчин үеийн дууны тэмцээн
Улс орон, Монгол Улсын аймаг, нийслэл тус бүрээс 2-3 дуугаар оролцоно.
1. 2008-2010 онд зохиогдсон дуугаар оролцоно.
2. Дууны төрөл, жанр чөлөөтэй.
3. Дуулаачид дуулах дууны үг, ая, нот клавирыг шалгаруулалтын өмнө шүүгчдэд урьдчилан хүргэсэн байна.
4. Дууг гоцлол, хамтлагаар понограмм болон дагалдах хөгжимтэй, буриад хэл дээр дуулна.
5. Дууг дуулаачийн мэргэжлийн сургууль төгссөн уран бүтээлч болон сонирхогч дуулж болно.
6. Шалгаруулалт нь тухайн дууны ая зохиогчийн бүтээл гэдгээр явагдах бөгөөд шүлгийн зохиогч, дуучны хамтын бүтээл гэдгийг анхаарна.
Тав.Буриадын уламжлалт гар урлалын үзэсгэлэн
Улс орон, Монгол улсын аймаг, нийслэлээс орох хүний тоо харгалзахгүй. Уран бүтээлч буриадын язгуур урлал, ахуй соёлын уламжлалыг илэрхийлсэн бүтээлээр оролцоно.
1. Зурмал, зормол, баримал, сийлбэр, хайчилбар, цоолбор, уран дарханы урлаг, адууны үсийг боловсруулах урлаг, үндэсний загвартай бэлэг дурсгалын зүйл, Буриад хээ, хуар, мөнгөөр хийгдсэн шилмэл гоёл чимэглэлийн иж бүрдэл, үндэсний хувцас гэх мэт бүтээлүүдээр оролцож болно.
2. Уралдаанд мэргэжлийн уран бүтээлчид оролцохгүй.
Зургаа. “Дангина” гоо бүсгүйн тэмцээн
Тэмцээн нэг үе шаттай явагдана. Улс орон, Монгол улсын аймаг, нийслэл бүрээс 1-2 гоо бүсгүй оролцоно. Оролцогч бүр дараах шаардлагыг хангасан байна.
1. Төрөлх нутаг, урга төрлөө магтсан уран сайхны бүхий л төрөл чиглэлийг оруулсан мэндчилгээ үзүүлнэ. Буриад үндэсний хувцастай оролцоно.
2. “Дангинын хатар” – үндэсний бүжиг бүжиглэнэ. Бүжгийн понограммыг Мини диск эсвэл СD дээр бичсэн байна.
3. “Сэдьхэлэйм аялага” – Буриадын орчин үеийн дуу дуулна.
4. Үдшийн гоёлын хувцасны үзүүлбэр /орчин үеийн буриад үндэсний хэв маягийг харуулсан хувцас хэрэглэл, үс засалт, гоёл чимэглэл гэх мэт/
Долоо.Уламжлалт буриад гэрийн үзэсгэлэн
Улс орон, Монгол Улсын аймаг, нийслэл бүрээс буриад ардын язгуур, ахуй соёлын уламжлалыг харуулсан иж бүрдэл 1 гэрийг бэлтгэж оролцуулна.
Буриад үндэсний гэр нь уламжлагдаж ирсэн үндэсний зан заншил бүхий эдлэл хэрэгслийн иж бүрдлүүдтэй байна.
Найм.Буриад ардын яруу найргийн наадам
Наадам 2 үе шаттай явуулна. I шатанд оролцогч бүр 1-2 бүтээл, II шатанд 1 бүтээлээр оролцоно. Улс орон, Монгол Улсын аймаг, нийслэл тус бүрээс 1-2 шүлэгч, яруу найрагч оролцоно.
Ес. Сэтгүүлчдийн нийтлэлийн “Алтан саг” уралдаан
Улс орон, аймаг, нийслэл бүрээс 1-2 хүн оролцоно. Уралдаанд буриадын хэл, соёлыг хадгалж хамгаалах чиглэлээр уралдаанд сэтгүүл зүй, радио, телевизийн нийтлэл, нэвтрүүлгийн материалуудыг хүлээн авна.
1. “Алтаргана” наадмын талаар,
2. Буриадын ард түмний өв, соёл урлаг, ёс заншил, зан үйл, спорт, шашин шүтлэг
Арав.Баримтат болон уран сайхны кино өдөр
Улс орон, Монгол Улсын аймаг, нийслэл бүрээс Буриадын түүх соёл, өв уламжлалыг харуулсан баримтат болон уран сайхны 1-2 кино байна. Толилуулж буй бүтээлүүд нь баримтат болон уран сайхны киноны шаардлагыг хангасан, мэргэжлийн төвшин бүтээгдсэн байна.
Баримтат болон уран сайхны кино нь Буриадын өв, соёл, аж байдал, ажил амьдралыг харуулсан 2008-2010 онд бүтээгдсэн байна.
Арван нэг. “Буриад хувцас”-ны шилмэл загвар зохион бүтээгчдийн уралдаан
Улс орон, Монгол Улсын аймаг, нийслэл бүрээс 3-4 иж бүрэн хувцас оруулна. Буриад хувцас урлах, зохион бүтээх үндэсний өвөрмөц уламжлалыг хадгалсан, гоёл чимэглэл, урлах технологийг илэрхийлсэн орчин үеийн загвар ур хийц бүхий хувцасыг үзүүлэн сурталчилна.
Буриадын ард түмний онцлог, цаг улиралд зохицсон олон төрөл зүйлийн хувцасны хослолыг орчин загварын чиг хандлагатай уялдуулсан байна.
Арван хоёр. “Алтаргана” фото үзэсгэлэн
Улс орон, Монгол Улсын аймаг, нийслэл бүрээс 5-аас дээшгүй мэргэжлийн ба фото зурагч сонирхогч оролцоно. “Алтаргана” сэдвийн хүрээнд Буриад ард түмний оюуны ертөнц, газар нутгийн онцлог, ахуй амьдрал, соёл, урлаг, байгалийн давтагдашгүй өнгө төрхийг харуулсан бүтээлүүдээр оролцоно. Фото зургийг үзэсгэлэнд байрлуулахад бэлэн болгон авчирна.
Арван гурав. Буриад бөхийн барилдаан
Барилдаанд бөхчүүд 75 кг хүртэлх, 75 кг–аас дээш гэсэн 2 ангилалаар оролцоно. Улс орон, Монгол Улсын аймаг, нийслэл тус бүр 2-оос дээшгүй баг оролцуулна. Багийн бүрэлдэхүүнд 6 бөх, нэг дасгалжуулагч байна. Барилдаан нь буриад бөхийн барилдааны шинэчилсэн дүрмээр явагдана.
Бөхчүүд шуудаг, гутал, малгайн өмсгөлтэй байна. Талбайд үндэсний хувцастай засуултай гарна.
Арван дөрөв. Буриад сур харваа
Улс, орон, аймаг, нийслэл бүр 1 баг оролцуулна. Багийн бүрэлдэхүүнд 6 эрэгтэй, 2 эмэгтэй харваач байна. Харваачид нь үндэсний хувцастай, эвэр нум, сумаар харвана. Буриад сурын харвааны дүрэм, журмыг баримтлана.
Арван тав. Хурдан морины уралдаан
Тусгай хөтөлбөрийн дагуу морин уралдааны газарт явагдана.
Наадмын шалгаруулах үзүүлэлт
Үнэлгээний ерөнхий шалгуур:
Үндэсний язгуур, уламжлалыг хадгалсан, шинийг илэрхийлсэн, орчин үеийн өнгө төрхийг илтгэсэн уран сайхны өндөр түвшинд бүтээгдсэн байдал;
Ур чадвар, гүйцэтгэл, бүтээлийн хийц, чанар, шинэлэг байдал, ардын язгуур урлагийн мартагдаж ховордсон зүйлийг сэргээн үзүүлсэн, ардын гар урлалын уламжлалыг бүтээлчээр баяжуулсан зэрэг нь шалгаруулалтын гол үзүүлэлт байх болно.
Шүүгчид
Шүүгчид нь Буриадын өв уламжлал зан заншил, соёл, урлагийн мэддэг өндөр мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн байна. Шүүгчдийг “Алтаргана” наадмын уламжлалын дагуу зохион байгуулах хороо томилж ажилуулна.
Шагнал, урамшил
Шүүгчдийн нэгдсэн дүнгийн үзүүлэлтээр уралдааны төрөл, зүйл бүрээр 1,2,3 дугаар байр эзлүүлэн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.







